СҮҮЛЧИЙН ӨДӨР PT16 (3-Р ХЭСЭГ)

Хоёрдахь өдрийн хамгийн сүүлд тоглосон Шведийн “The Radio Dept” хамтлагийн тоглолтыг тайзны урдаас биш, хажуугаас үзчихээд гарах хаалга руу эргэтэл, хотын мэр ВИП зоонд сууж байхыг харлаа. Сонгууль хэдий хаяанд тулаад байгаа ч ийнхүү цаг гаргаж ирнэ гэдэг орчин үеийн хөгжим сонсогч бидний хувьд бахархмаар явдал. Өмнөх жилүүдийнх шигээ тайзан дээрээс үг хэлээгүй болохоор түүний ирсэнийг анзаарч харсан хүмүүс цөөхөн байх…

Эрийг нас, уулыг цас дарна гэдэг юутай үнэн үг вэ… Хоёрхон шөнө оройтож унтахад л наадмын гуравдахь өдрийн өглөө арай гэж сэрлээ. Сэрлээ ч гэж дээ сэрчихээд өндийж чадахгүй хэсэг тарчлав. Бие маань гэртээ, бүүр орондоо хэвтэж байсан ч сэтгэл санаа минь аль хэдийн Гачуурт, Монгол шилтгээн, Плейтайм наадам дээр эргэлдсээр…

Гэнэт хаалга тасралтгүй балбахад хүчээр босон нээтэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нэгэн бээр зогсож байв. Плейтайм наадмын гурав хоногт  Евро-2016, дөрвөн жилд нэг болдог сонгууль зэргийг ор тас мартжээ. Жирийн үед хаалга тасралтгүй тогшсон бол хагартлаа уурлах нь тодорхой. Харин энэ удаа гүйцэд сэрж чадахгүй байхад хаалга уйгагүй тогшсоор, намайг орноос босгосон тэрхүү нэр дэвшигчид талархаад баршгүй. Талархаад ч зогсохгүй саналаа өгсөн боловч сонгогдсонгүй.

Плейтайм 2016 наадмын гуравдахь өдрийн өглөө ийнхүү будилсаар Монгол шилтгээнээ ирэхэд “Шинэ давалгаа” тайзны хамгийн сүүлийн хамтлаг “Purgatory Destroyers”-ийн ээлж болсон байлаа. Энэ өдөр ямар хамтлагууд будаа болгохыг тэд тодорхойлсон гэж болно. Одоогийн залуусын авьяас, өөртөө итгэх итгэл нь гайхмаар  ажээ.  Бэрхээ гэж үнэхээр “бэрх” амьтан нэг байна. Бөмбөр балбана, гитар маажна. Түмэн шид нь бүрдсэн айхтар золиг юм. Тоглолтын хурд гэж тогтоож харах аргагүй байлаа. Вокалистийн хоолой цуцдаггүй юм шиг… метал сонсогч залуусыг сэргэтэл нь савууллаа.  Өчигдөр орой “Rec On”-той хамт дуулсан Батхүрэл дахин дуулж, фенүүдээ хөөргөж өгөв. Арван насаар залуу байсан болоосой гэж бодогдтол тоглосон “Purgatory Destroyers”-ийн залуус гайхалтай.

Би нисэж байна…

Урд жилүүдийн наадмын өдрүүдээр Монгол шилтгээнээс гарч байгаагүй болохоор хэрэг болгон хашааны гаднаас эргэн тойрны байдлыг харахаар шийдлээ. Манайхан тайзны өмнө толгойгоо замбараагүй савдаг ч зогсоол дээр машинуудаа цэгцтэй тавьдаг юм байна. Хашаан дотроо л шар айргаа уудагаас сүүдэр бараадан шилтэй цэнхэр сөгнөж суудаггүй ажээ. Тун сайшаалтай.

Цааш явж байтал “Аясын салхи”-ийн бөмбөрчин хүү бугуйвчаа тасалчихлаа гэсээр ахлагч дээрээ ирлээ. Эндээс цаасан бугуйвч гурав хоногийн ая даахгүй болох нь анхаарал татав. Гурав хоногийн такстай хүмүүст 2014 оных шиг даавуун бугуйвч,  нэгээс хоёр хоног болох үзэгчдэд цаасан бугуйвч зүүлгэвэл зохилтой.

Үдээс хойш 16 цагийн үед майхнаа буулгасан үзэгчид хотын зүг буцаж эхэлсэн бол 18 цагийн үед буцагчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэв.

Ийнхүү хэсүүчлэн явах зуур Плейтайм тайзнаа домогт “The Rolling Stones” тоглов уу эсвэл тэдний дуунуудаас өөр хамтлаг дуулав уу? ямартай ч их гоё сонсогдсон.  Холоос их дажгүй сонсогддог болохыг ийнхүү мэдээд тэндхийн айлуудад атаарав. Жагсаалтаас харвал БНСУ-ын “Shenanigans” хамтлаг ингэж тогложээ.

“Catself” харин сонсоод баймаар санагдсан. Дуунуудых нь үгнүүд их энгийн, өөрийн гэсэн онцлог философитой. Ийм дуу зохиогоод, хамтлаг энэ тэр гэхгүй өөрөө дуулдаг болмоор санагдсан шүү.

Манай залуучууд “UFO” хамтлагийнханыг андахгүй. Тэдний дуунууд  элдэв “эксперименталь” оруулаагүй нь сонсоход таатай агаад дараагийн дууны эхлэл хэрхэн явахыг тааж, өөрийгөө сорьж болмоор. Гитарын гоцлолуудын дараа дахиад нэг бадаг дуулаасай гэсэн хүсэл танд төрүүлж байлаа. Эсвэл би шунахай сонсогч байж болох юм…

Тээр жил “Номин талст” хамтлагийн “БИД” дуунаас “…хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа хүү нь хайртай…” гэсэн үгийг сонсоод “тогоо нэрж” байхад ээж минь “ухаан сууж байгаа нь энэ” гэж хэлж байсан үгсийг UFO-ийн “…урд шөнө зүүдэнд ээж минь намайг үнсэж..” гэдэг “Ухаарал” хэмээх хөөрхөн дуунаас нь сонсогдов.

Японы “Roth Bart Baron” хамтлагийг Плейтайм наадамд оролцохоор болсон тухай мэдээд, дуунуудыг нь youtube.com дээрээс сонссон болохоор дэргэдээс нь үзэхэд “тасархай” байлаа. Дууных нь нэрсийг тогтоож чадаагүй ч хаанаас ч хамаагүй сонсоод шууд танихаар болсон.  Постер дээр хоёр хүний зураг байсан ч тайзан дээр тэд олуулаа байв.

Олуулаа байсан ч сахилга баттай тоглох нь гайхамшигтай. Тэр кислафон, нарийн бүрээ зэрэг нь цагаа олж дуугарах юм. Илүү, дутуу чамирхалгүй тоглолттой нь таалагдлаа.

 

2008 онд байгуулагдсан хамтлагийнхан 2016 онд хоёр фестивальд оролцохоор төлөвлөсөний нэг нь Плейтайм наадам ажээ. Уг хамтлагийг өмнө нь сонсож байгаагүй эсвэл энэ жил Плейтайм наадамд ирж амжаагүй залууст тэдний 2014 оны “The Ice Age”  цомгийн заавал сонсоорой гэж хэлмээр байна.

Та нар “Roth Bart Baron” шиг мундаг хамтлагийг дэргэдээс нь сонсоогүйдээ харамсах болноо.

Наран улсын хамтлагийн дараа хойд хөршийн Slackers хамтлагийн ээлж тохиов. Гурван минут хүрэхгүй үргэлжилдэг, хорь гаруй панк рок дуунуудыг нэг цагийн дотор дуулах шиг санагдсан. “Девочка…” гэсэн үгтэй дуу нь их таалагдсан юм байна. Тухайн үед нь сүрхий тогтоогоод сүйд болоод байсан ч тэдний араас тоглосон металистуудын дуунууд баллуурдаад хаялаа.

Би нисэж байна…

Наадмын зохион байгуулагч Ц.Нацагдоржийн хамт өнгөрсөн жил, панк рок урсгалын талаар нэвтрүүлэг бэлдэж хийснийг үзсэн хүмүүс энэ жил амьдаар нь тоглохыг сонссон гэж найдаж байна.

Плейтайм наадмын хоёрдахь өдөр нартай өдөр байсан. Тоос шороо босохоос сэргийлж Туул голоос хоолойгоор ус татан талбайг норгож өгсөн нь сайшаалтай. Энэ явдал солигдмол үүлтэй байсан наадмын сүүлийн өдөр ч давтагдлаа.

Үзэгчдийн амнаас энэ жилийн зохион байгуулалт маш өндөр хэмжээнд байгааг сонсоход таатай. Муу хүн сонжооч гэгчээр би хүрдэл элдэв “Но” хайсан боловч сүр бадруулахаар зүйл таарсангүй.

Майхан савнаасаа юмаа алдсан тохиолдолд мэр сэр гарсан сурагтай. Эзэн нь юм бол авч яваа зүйлээ хараа хяналтгүй орхих нь тухайн хүний өөрийх нь хариуцлагагүй байдал гэдэг нь ойлгомжтой. Гар утас, нүдний шилээ гээсэн тохиолдолд ч гарсан. Бас л эзэн хүний хайхрамжгүйгээс болсон хэрэг. Тийм нөхдийн гээсэн зүйлсийг олж, эздэд нь буцаан  өгдөг асар үүргээ хангалттай гүйцэтгэсэн.

Аравт үнэхээр “аймаар” байлаа. Араас нь тайзыг эзэгнэсэн “Аясын салхи” хамтлагийн дуучин Энди: “Плейтайм наадамд метал рокууд голлодог байсан цаг бий. Сүүлийн үед биднийг жаахан “жийгээд” байх шиг санагдаад байх болж. Энэ тухай зохион байгуулагч нарт заавал хэлнээ” гэж гоморхонгуй байлаа. Мөн “метал рок хөгжим тоглоход асар их ур чадвар шаарддаг. Хатуу юм дуслыг л амсаа бол алдах явдал гардаг. Тийм болохоор манайхан тоглох өдрөө сархад хүртдэггүй” гэсэн нь бүх уран бүтээлч нарт хамаатай үг.

“С1” телевизийн захирал Амраа бидний хооронд, “Аясын салхи”-ийн Энди хэдэн настай вэ? гэсэн яриа өрнөөд авав. 1986 онд санагдаж байна. Намайг дунд сургуулийн 9-р ангийн хүүхэд байхад тэдний тоглолтын зар арван есдүгээр хороололын үйлчилгээний төв дээр хадаатай байсан. Тэгэхээр 60 дөхөж байх гэсэн дүгнэлт би гаргав. Бараг л оносон байх. Гэхдээ урлагт тэр тусмаа орчин үеийн хөгжимд нас гэдэг ёстой тоо л юм даа.

Баяраа ахын гитарын тоглолтыг биширлээ. Хуруу, гарын хөдөлгөөн нь гүйцэгдэхгүй юм… Наадмын хоёрдахь өдөр “Rec On”-той, гуравдахь өдөр “Purgatory Destroyers”, “Аравт” хамтлагуудтай дуулсан  “Growl”-ын Хүрлээ эднийхэнтэй дуулсангүй. Ах нараа алд хүндлэхийн жишээ ажээ.

Наадмыг хааж өнөө жил хорин нас хүрсэн “Нисванис” тоглохоор болов. Тэднийг тоглохоор хөгжмөө тохируулж байх зуур “Лемонс”-ийн Тулгаа микрофоны өмнө гарлаа. Тэрээр “2016 оны Плейтайм наадам гурав хоног болж байна. Яг одоо би рок фестивалийн “үнэр” мэдэрч байна. гадаадын фествалиудыг үзэж байхад яг ийм “үнэр” ханхалдаг. Энэ бүхнийг зохион байгуулсан Нацагаа ахдаа  баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуран цугласан нийт Плейтаймчдийн өмнө илэрхийллээ. Түүний араас хамтлагийх нь гоцлол дуучин Одноо үг хэлэхээр тайзнаа гарч ирээд “Нисванис, нисванис” гэж хоёронтоо дуудаж амжаад хамгаалагчид хөтлүүлэн тайзнаас буув.

Нисванисийг бэлэн болохоос өмнө тайзны өмнөх талбай хүмүүсээр пиг дүүрчээ. Үзэгчидийн багагүй хэсэг нь үдээс хойш хот руу цувсаар байсан хэдий ч тэр шүү дээ. Амгаа, Дархаа, Хосоо нартай улсын филармонийн “Баян Монгол” чуулгын бөмбөрчин Билгүүн нэгдсэн байлаа. Учрыг лавлавал Нисванисийн бөмбөрчин Анарын нуруу нь тааруухан байгаа гэнэ.

Би тэднийг “Гар хангалга” цомгоо тоглох байх гэж бодож байсан юм. Гэтэл хит болж олны хүртээл болсон хуучин дуунуудаа, сүүлд гаргасан цомгийнхоо дуунуудтай дуулав.

“Нисванис”-ийн дуунуудыг үзэгчид дагаж дуулцгаана. Дуулаагүйчүүд нь савцгаааж байв. “Сэтгэл хөдлөнө”  дууныхаа “Ля ля ля…” гэдэг хэсгийг Амгаа үзэгчидтэй хамтран дууллаа. Үгээ мартсан байж магадгүй хахахаха. Дуулж дуусаад тэр тайзны ар руу хэсэг алга болоод ээжээсээ төөрсөн таван настай хүүхдийн тухай зарлав. Бодвол ээж, аав нь очиж авсан байх…

Наадмын сүүлийн орой, машинууд багагүй түгжирдэг бас маргааш нь Даваа гараг ажилтай тул би хот руу буцахаар шийдлээ. Намайг хаалга руу алхах зуур “Гар байна, гавал байна, галзуу дур байна…” хэмээн ардаас хангинахад, тархиа ажиллуулж, гараа хөдөлгөвөл дараа жилийн Плейтайм энүүхэнд байна даа гэсэн бодол төрлөө.

 

Гамбино