“PLAYTIME 2015” 1-р хэсэг

Би 2013 оноос эхэлсэн шинэхэн Плейтаймчин. Энэ жил бүх үйл явдлыг эхнээс нь өндөрлөх хүртэл ажигласан болохоор тойм бичиж таны цагийг үрмээр санагдлаа.

Эхлэл буюу шалгаруулалт.

Өнгөрсөн 4 сарын 18 бямба гарагт “Плейтайм-2015” наадмын шалгаруулалт Гандан лайв хаус–т болж өнгөрсөн билээ.Хүмүүсийн амнаас энэхүү шалгаруулалтанд хамтлагууд багагүй бэлдэж ордог, багагүй ач холбогдол өгдөг болохыг өмнө нь сонссон болохоор надад сонирхолтой байсан гэж жигтэйхэн.

Хэдэн хамтлаг шалгаруулалтанд орохоор материалаа ирүүлсэнийг мэдсэнгүй. Гэхдээ үдийн хоолны үеэр дайраад гартал манай талын “урт үст”-нүүд маань аль хэдийн тайзнаа ээлжлэн тоглож байлаа.

Нүүрний эгнээний захад зохион байгуулагч шавил охин, дарааллын дагуу хамтлагуудыг оролцуулахаар зогсоно. Харин түүнтэй зэрэгцээд шүүгчид бололтой “Лемон”-ы Шарга, “Hi-Fi Media Group”-ийн Нацагдорж, Урт үстэй Уугий, The Lemons-ийн Одноо нарын хэдэн эрхэм сууж байлаа. Өөжгий тайзны зүүн талд зогсон, залуусын хэрхэн тоглохыг харж байгаа бололтой. Хэдийгээр цаас үзэг гартаа бариагүй ч түүний санал багагүй нөлөөлсөн байх.

Би тэндээс “The Blacks”, “Flamingo Fitch”, “The Tourist” гэсэн нэрстэй боллоо. Яагаад гэдэг нь тодорхой. Өчүүхэн надад дутагдаад байсан зүйлс тэднээс илэрсэн болохоор тэр. Эдгээр хамтлагуудын хоёр нь эмэгтэй дуучинтай. “Flamingo Fitchийн дуучны бүжгийн эвсэл илүү анхаарал татсан юм.“The Tourist”-ын Иокогийн хоолойноос гадна гоцлол гитаргүй яаж тоглохыг тэд харуулсанд оршино. “Харчууд” бол харчууд шүү дээ. Үнэн “хайнга” бас “задгай” авахыг тэд үзүүлсэн гэдгийг хэлмээр байна.

Орой нь “Centro Clubт Америкийн нэг хамтлаг тоглох тул эртхэн харьж визээ сунгуулахаар Гандан Лайв хаусаас би явсан боловч тэр өдөр виз сунгагдаагүй бөлгөө.

Хожим сонсоход нэлээн олны дундаас хорин хоёрхон хамтлаг шалгарсан гэдэг.

Плейтайм – Пре парти

Хоёр сарын өмнө шалгаруулалт явагдсан өнөөх “Гандан Лайв хаус”-ын гадуур гитар үүрсэн залуус, хэн нэгнээ хүлээсэн, бөөгнөрсөн хүмүүс хөлхөлдөнө. Энэ удаа шалгаруулалтын өдөр цугласанаас ч олон хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Харин дөрөвхөн хамтлаг ая дуугаа өргөхөөр болжээ. Сонирхуулж хэлэхэд “Гандан”-ийнхан “GV” гэдэг шүүлтүүртэй, шүүлтүүргүй хоёр төрлийн дажгүй шар айргаар үйлчилдэг, үнэ нь ч бас харьцангуй боломжын юм билээ.

Плейтайм наадмын зохион байгуулагчид нааш цааш холхилдон завгүй харайлдана. Ганц нэг таньдаг хүнээ сураглатал одоо гэрэлтүүлгийнхэнтэй уулзаж байгаа, дараа нь Юнителийнхэнтэй уулзана гэнээ. Надад бараг олдохгүй маягтай болж байх шиг…

Ганц хоёр шар айраг шимээд сууж байтал 1990-ээд оны дундуур залуусыг байлдан дагуулдаг байсан “Спайк” хамтлагийн тавин хувь нь буюу Номин, Минжээ нар ороод ирлээ. “Сүнс”-ийн Лхагваа явж байв.

Наадмын урьдчилсан баярыг нээж “Khalisee” хамтлаг тоглов. Домогт “Led Zeppelin”-ний хэдэн дуунууд дээр өөрсдийн дуунаас дууллаа. Юу болсныг мэдэхгүй энэ удаа тэдний тоглолт төдийлөн сэтгэлд хүрсэнгүй. Гэхдээ гоцлол гитарчин нь дажгүй байсан гэдгийг хэлвэл зохино.

Үргэлжлүүлээд охидын метал хамтлаг “Ixora” ая дуугаа өргөлөө. Ёстой юу болоод өнгөрсөнийг мэдсэнгүй. Тоглож дууссаны дараа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр бөмбөрчин охинтой гар барихад сандрал, айдас нь салаагүй чичирч байснаас гадна, гар утсаа өөр газар тавьснаа гэнэт санаад гүйн одлоо.

Тэдний араас залган “The Tourists” хамтлаг тайзан дээр тохиргоо хийснээ үргэлжлүүлэн ничигнүүллээ. Жинхэнэ “hard rock” эндээс ханх тавьж байв. Онцолж хэлэхэд эхэнд тоглосон хамтлагууд гурвуулаа эмэгтэй дуучинтай байсан юм.

The Tourists” миний сонирхолыг ихэд татсан учраас тэдэнтэй хожим ярилцлага авах цаг тохиролцоно гэж бодсон боловч тэр өдөр амжаагүй билээ. Ямар ч гэсэн “Плейтайм 2015” наадамд чимэг болж, сонор мялаах нь тодорхой байв.

Үргэлжлүүлээд “Lego”-чууд тоглов. Чих баясгасан хоолойтой дуучин, ялгарч сонсогддог хөгжимчидтэй тэднийг тоглох зуур шар айрагны зальхай амт намайг Гандан лайв хаусаас гаргажээ.

Техникийн хурал

Үйл явдлыг дундаас бус эхнээс нь дагаж яваагийн хувьд энэ арга хэмжээнд очихгүй байж чадсангүй. Энэ удаа дуу шуугиан, баяр хөөр гэхээр зүйл Гандан лайв хауст болсонгүй. Ямар нэг арга хэмжээ болоход ёс юм шиг хоцорч ирдэг манайхан энэ удаа харин бүүр цагаасаа өмнө ирцгээсэн байлаа.

“Плейтайм 2015” наадмын зохион байгуулагчид ирсэн хамтлагуудыг бүртгэж, ямар нэг цаас тарааж харагдана. Би дуулж, хөгжимддөггүй болохоороо түүнийг нь хэрэг болгож сонирхсонгүй.

Наадмыг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Нацагдоржтой хэд хэдэн удаа хуралдаж, зурагтын нэвтрүүлэгт хамт оролцохдоо, цөөн үгээр хэлэх гэсэн санаагаа эмх цэгцтэй илэрхийлдэг болохыг нь мэддэг болсон билээ. Энэ удаа тэр хамтлагуудад хөгжмийн тохиргоо хийх цагийн хуваарь, юу юуг анхаарах тухай маш товч хэрнээ тодорхой хэлж өглөө.

Энэ жил нэг том тайз засаж үдээс өмнө “Шинэ давалгаа” хэмээн нэрлэн залуу хамтлагууд тоглох бол үдээс хойш “Плейтайм” тайз болгон гол хамтлагууд тоглоно. Хамтлагууд 35 минут тайзан дээр тоглоно. Хоёр хамтлагийн тоглолтын хооронд 10 минут байх бөгөөд энэ хооронд амжиж хөгжмөө залгана. Тайзан дээр авч гарах хөгжмийн зэмсгээ stage менежерт бүртгүүлж, гарын үсэг зурж хүлээлцэнэ. Хэрэв ямар нэг хамтлаг цагтаа ирээгүй бол дараагийн хамтлаг нөхөж тоглохгүй, тэр хамтлагийн цаг хоосон өнгөрнө гэх мэтийг ч бас нэмж хэллээ.

Үүнээс гадна пре-парти дээр “Khalisee”, “Ixora” хамтлагуудыг хангалтгүй тоглосон болохыг анхааруулж, үлдсэн хугацаанд сайтар бэлдэхийг санууллаа.

Солонгосуудыг кимчи дарахаас өөр бизнес Монголд хийдэггүй гэсэн бодлыг маань Ким Мин гэгч нөхөр энэ өдөр нурааж өглөө. Тэрбээр дууны тоног төхөөрөмжийн тохиргоо, түрээсийн бизнес эрхэлдэг бөгөөд наадмын үйл ажиллагаанд сүүлийн гурван жил дараалан оролцож байгаа аж.

 Наадмын үйл ажиллагааг Univision 88 дугаар сувгаар “UBS Music Channel шууд дамжуулан үзүүлэх гэнэ. Үүрэн телефоны “Unitel” компани өөрийн асартаа GG картаар янз бүрийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэн, утас цэнэглэж, Wi-Fi орчин бий болгохоор болжээ. Хамгийн гол нь хамтлаг, шүтэн бишрэгчидийн хооронд дотно холбоо үүсгэн, хамт дурсгалын зураг татуулах боломж олгохоор болжээ.

Техникийн хурлын төгсгөлд мандат авах хүмүүсийн гэрэл зургийг авахаар боллоо. Энэ удаагийн арга хэмжээ “сухой” болж өнгөрсөн ч мань мэтийн нөхөд тэссэнгүй.

Гамбино

2015 оны 7 дугаар сар 4