“PLAYTIME 2015” 2-р хэсэг

Хүсэн хүлээж байсан 6 дугаар сарын 27 боллоо. Эртний найз Ч.Гансүхийн унаагаар Монгол шилтгээн рүү явав. Дүнжингарав худалдааны төвийн урдуур тавьсан дардан замаар шууд давхисаар Гачууртын зам руу ордог юм байна.Ямар ч түгжрээ, гэрэл дохиогүй сайхан ажээ.

Зам засврын ажил бужигнаад энхэл донхолтой замаар туучсаар Гачуурт дахь Монгол шилтгээнд ирлээ. Наадмын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байв. Цахилгааны холболт гүйцэд хийгдээгүй учраас хоол хүнс борлуулдаг асрууд нам гүм байв. Тайзны зүгээс дуу гарч байхыг бодоход өчигдөр хамтлагуудын хөгжмийн тохиргоо хийгдсэн нь  илт.

Зуны тэнгэрийн доор хонохоор шийдсэн наадамчин олон хамгаалалтын албаныханы заасан газарт майхнаа барьцгаана. Тэднээс энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн шинж илт ажиглагдана.

Эхний хамтлаг тоглох 11:50  болоод байхад хараахан гараагүй байлаа. Канон гэрэл зургийн газрын хажуугаар явж байтал шингэн хоолойгоор нэгэн бүсгүй “Хүмүүс ээ, тайз руугаа ойртоорой! Одоо Плейтайм наадам маань эхлэх гэж байна шүү… хихихи” гэв.

Тохуутай гэмээр энэ зар наадам эхэлж байгааг үнэхээр зарлажээ. Плейтайм наадам үүгээрээ илүү ардчилсан болох нь харагдлаа. Наадмын салхийг хагалж “Khalisee” хамтлаг тоглож байгаа нь энэ. Энэ удаа тэд пре-парти дээр байснаас илүү сайн тоглов. Гоцлол дуучин охин Роберт Плант, Майкл Жексон, Фредди Меркури нарыг чадамгай коверлосон бол соль гитарчины үс засалт, тоглолт тэр чигээрээ Том Петти иймэрхүү тоглодог болов уу гэж өөрийн эрхгүй санагдууллаа. Ялангуяа “Another one bites the dust”, “Billie Jean” дууны композици нь алмайруулж орхив.

Залгаад ӨМӨЗО-ны “Цагаан шонхор” тоглохоор тайзыг эзэгнэлээ. Уг нь чадварлаг хамтлаг юм. Даанч дууныхаа дараалалыг буруу сонгосоноос болоод тайз руу хошуурсан залуусыг тараачихсан нь тусгүй. Тэд “Хурд” хамтлагийн дуунуудтай төстэй баллад бүтээлүүдийг залуу үе сонсоно гэсэн ойлголттой байсан бололтой. Ямартай ч гэсэн эхний хоёр дуугаа уянгалуулсан нь буруудсан. Харин дараагийн дуунууд нь хард рок талдаа байсан ч халуунаас дайжсан залуус эргэж боссонгүй.

Хуваарийн дагуу охидын метал хамтлаг “Ixora” тоглох байсан ч тэд гарч ирсэнгүй. Залгуулаад “Black Zip”-ийн залуус тоглохоор болжээ. Энэ хамтлагийнхан өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн алдарт “AC/DC” хамтлагийн ковер хийхэд би хэр чадлаараа нэмэр болсон юм. Тэр ч утгаараа тэднийг дэмжиж явдаг билээ. Анх тэдэнтэй танилцаж байхад гоцлол дуучнаас бусад нь биеэ барьсан шинжтэй байсан бол энэ удаа нүүр хагарсан нь илт байв. Ялангуяа хоёрдугаар гитарчин Жавхаагийн төрх, өмссөн богино өмд чимэг болсон гэхэд болно. Уламжлал ёсоороо тэд “AC/DC”-ээр мэндчилээд дараа нь өөрсдийнхөө шинээр зохиосон дуугаа анх удаа олны өмнө дуулж үзүүлэв. Дажгүй шүү гэж бодогдов. Гэтэл Замбаагийн хоолой “Back in Black” дээр сааралтаад болохоо байчихлаа. Зүтгүүлсээр байгаад тоглолтоо дуусгасан боллоо. Юунаас болоод ийм болсныг асуухад нэгдүгээрт: өчигдөр орой болтол саунд чек хийсэн, хоёрдугаарт: өмнөх хамтлаг гараагүй учраас оронд нь тоглохоор болсон, гуравдугаарт: хоолой гүйцэд “сэрээгүй” байсан гэж тайлбарлав. Яахав байх л зүйл. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэсэн хоёрдугаар варианттай байх хэрэгтэй гэдгийг тэд ойлгосон гэж найдна.

Наадмын үеэр “Шинэ давалгаа” тайзан дээр тоглосон хамтлагуудтай UBS Music сувгийнхан Монгол гэрийн ханаар гоёсон тайзан дээр ярилцлага авч байлаа.

Дараа нь “Purgatory Destroyers” хамтлагийн ээлжин дээр VIP хаалган дээр хүнтэй уулзахаар яваад сонсож чадсангүй. “Монгол шилтгээн”-ий тэр хавьд ямар ч дуу чимээ сонсогдохгүй байлаа. Үүнээс үзэхэд гол тайзнаас зайтай байсан айлуудын тав тухыг дуу хөгжмийн чимээ алдагдуулаагүй байх.

Эргээд иртэл “Аравт”-ынхан будаа болгож байлаа. Энэ хамтлагийн зарим гишүүдийг таньдаг болохоор сэтгэл санаагаар дэмжиж явдаг юм. Эднийхэн жил болгон “Нис Нис” фестивальд оролцдог сайн хамтлаг. Плейтайм-2015 дээр ч өөрсдийнхөө ид хавыг харуулж чадлаа.

Нэрийг дурьдахгүй байж боломжгүй  нэг хамтлаг тэдний халааг авсан нь “Angel”. “Сахиусан тэнгэр”-үүдийн дуулахыг энэ удаа дэргэдээс нь хараад гранж байгаа, байх ч болно гэдэг ойлголт авлаа. Пре-парти дээр “The Tourist”-ын бөмбөр тоглож байсан Бэрхээ энэ өдөр тэдний бөмбөрийг жинхэнэ утгаар нь татаж, тавиад самарч өгч байлаа. Хэмжээ алдсангүй, холбоосууд нь мундаг, санаанд оромгүй шийдлүүдийг ч сонсгож чадлаа. Урсгалдаа үнэнч Төмөрөөдөө амжилт хүсье.

Метал хөгжимд дуртай залуус байтугай нас тогтсон маниусын цусыг булиглуулсан “Growl of Clown” дуу алдмаар байв. Тэдний дуунууд дээр нүүрний эгнээнд савж байгаа залуусыг өмнөх хаалтаа мөргөж балрах вий гэж өөрийн эрхгүй санаа зовлоо. Бидний амьдралд ийм эрч хүч дутагдаж байгааг “Алиалагчын зандралт” аргагүй сануулж өгсөн. Мундаг…

Хүзүүгээ салтал савсан залуусыг “Sing Like a Pro Team” –ийн дуунууд тайвшрууллаа. Сайн менежменттэй залуус шиг санагдсан.  Тэдний поп-рок дуунуудад үнэлгээ өг гэвэл би хувьдаа “дунд”-аас дээш гэнээ. “Про тийм”-ийн тоглолтоор эхний өдрийн “Шинэ давалгаа” тайзны тоглолт өндөрлөв.

Бүтэн цаг гаруй завсарлах зуур “Плейтайм” наадмын бусад хэсгээр тойрон аялал хийлээ. Юуны өмнө “Unitel”-ийн асар дээр очлоо. Утсаа цэнэглэх, “GG” картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах гэсэн залуус пиг дүүрэн байв. Уурлаж цухалдсан хүний царай харагдсангүй. Би уг нь тэдний хиймэл гитарыг нь бариад Angus Young болж зурагаа авахуулна даа гэж бодож байгаад мартсандаа харамсаад барахгүй л байна. Сарнай, Үүгий хоёр хадгалж байгаарай. Дараа жил заавал авахуулнаа.

Цаашлаад “Нааглихац” тайз руу очлоо. Элсэн дээр хөл нүцгэн залуус бөмбөг тоглон, бүжиглэнэ. Зарим нь сүүдэр бараадан сууна. Өнгөрсөн жил бороо хур ихтэй, усны түвшин үерийн хэмжээнд байсан бол энэ жил Туулын ус татарчээ. Гэхдээ л усанд ам гарч болохгүй. Ирэх жил яагаа ч билээ.

“Боргио”, “Нийслэл” зэрэг АПУ-ийн шар айраг наадмын гол ундаа байсан боловч би хувьдаа “Ханброй”-г илүү таашааж хүртлээ. Хоол ундны хувьд дутагдах, өөлөх юм байсангүй.  “Хаан хуушуур”-ынхан хуучирсан тосонд нэг хоёр удаа хуушуураа хайрчихав уу эсвэл “муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй” гэдэг юм надад тохиолдов уу? Дахиж тэднийхээс хуушуур авах хүсэл унтарсан…

Хаа сайгүй шар айраг барьж, тамхи баагиулсан залуусыг хараад зүв зүгээр өнгөрүүлэх нь тэнд ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарт “хэцүү” байсан байх. “Орон нутаг”-ийн шинж чанартай өчүүхэн инсидентүүдийг дэврүүлэлгүй тэр даруй таслан зогсоож чадсан манай цагдаагийханы ур чадвар мундаг юмаа.

“Монгол шилтгээн”-д арван найман цаг болов. Монголын урлагийн зөвлөл “Плейтайм 2015” наадамд урьсан БНСУ-ын “Gong Myoung” хамтлагийн тоглолтоор “Плейтайм” тайзны ажиллагаа нээгдлээ. Ардын голдуу хөгжмийн зэмсэгтэй, “Jethro Tull”-ийг санагдуулам дуугардаг хамтлаг байв. Уржнан жил Японы “Моно”, ОХУ-ын “Сторм”, өнгөрсөн жил Японы “Энви”, ОХУ-ын “Муммый Тролль”, Английн “Петер Хуук энд лайтс” наадмын зочноор оролцож байсан. Энэ жил БНСУ, АНУ-ын хамтлагууд зочноор оролцож байгаа нь наадмын зохион байгуулагчид хүрээгээ тэлж байгаагийн нэг жишээ юм. Үүнээс гадна Японы продюсер Рюжи Нодасан ирж манай хамтлагуудын тоглолттой танилцсан. Түүний таашаалд нийцсэн нэг нь Наран улсын тайзан дээр гарахгүй гэх аргагүй ээ.

 

 

“Со” хамтлагийн дараа архаг плейтаймчид болох “The Lemons” тайзнаа гарлаа. Ямар ч олон фэнүүдтэй юм бэ? “Нимбэг”-нүүд шинэ дуу дуулж гийгүүлсэнгүй. Гэхдээ дуулсан дуунууд нь намайг бас бусад олныг үнэхээр хөгжөөв. “Дөлгөөн”, “Парадайс”, “Монад” хуучин цомгуудынх нь “Мэлхий гүнж”, “Хайртай”… уйдамгүй.

Бусдыгаа амарч байх хооронд “The Lemons”-ийн Энхтулга л ганцаараа завгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Учир нь тэр наадмын зохион байгуулагчдын нэг. Тухтай суугаад таваг хоол идэх завгүй энд тэнд очоод зохицуулах ажил мундахгүй байгаа харагдсан.

Плейтайм тайз нээгдэхийн өмнө “UBS Music” сувгийнхан камеруудаа ВИП асарт байрлуулжээ. Учир нь гэвэл  тэд зочин хөтлөгч нараар тайзнаас буусан хамтлагуудтай ярилцлага хийлгэхээр шийдсэн байна. Хамгийн эхний хөтлөгчөөр Б.Наранзун, “Киви”-ийн Ука нар ажиллаж “Нимбэг”-үүдээс ярилцлага авав. Тун удалгүй Ука ардаа ажилтай боллоо гээд явж одлоо.

ВИП асраас цацах нэвтрүүлгийг SBN-ийн Б.Ялалт, С1-ийн Ж.Сугар, Носталжиа нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ганхүү, Н.Ганбат нар ээлжлэн явуулах ажээ.

Энэ жил анх удаа Плейтаймд орж байгаа нэгэн хамтлагийн ээлж боллоо. “Дэлхий” гэхээр хүмүүс андахгүй дээ. Зарим нэг хөгжим судлаач нар тэднийхийг “супер маркет”-ийн хамтлаг гэж сошиал медиа сайт дээр нэрлэсэн байсан. Юу гэх нь түүний хэрэг. Гэхдээ энэ хамтлагийг сонсох гэж хотын даргаас авахуулаад олон хүмүүс иржээ. Тун олон сонсогчид “Дэлхий” хамтлагийнханыг тайзан дээр гарахын өмнө “Танайхыг сонсох гэж ирлээ” гэцгээсэн нь тэднийг урамшуулсан гэхээсээ  сүрдэхэд хүргэсэн гэнээ. Хөгжмийн зохиолч Онон, продюсер Томоо, гитарчин Атка нарын анхлан байгуулсан “Дэлхий” хамтлаг хэц хэнгэрэг, ховис зэрэг хөгжмийн зэмсгүүдээрээ “Ертөнц” цомог мөн удахгүй гарах “Байгаль” цомгийнхоо уран бүтээлүүдээс хүргэж “Хурай, хурай, хурай” хэмээх сүрлэг дуугаар өөрт оногдсон цагаа өндөрлөв. Релакс хөгжмийн урсгал манайд тун хэрэгтэй болох нь тэднийг даган баяссан залуусын сэтгэл хөдлөлөөс мэдэгдлээ.

“Дэлхий” ая дуугаа өндөрлөмөгц “Харийхан” залгаад хэлэх үгээ хөгжмийн эгшиг болгон түгээлээ. Сансар, огторгуйн хөгжим гэж үүнийг хэлнэ. Синтесайзер, эффектүүд нь гайхамшигтай. Хүмүүсийг хуйлруулж савуулахгүй, хэрнээ хүн гэгч амьтны өчүүхэн тархийг дагзаар нь нээж, хязгааргүй огторгуйг багтаах мэт ажээ. Хажууханд маань “Лемон” студийн Шаргаа тэдний хөгжимд гүн орж, нүдээ анин сонсож байв. Гэнэт хөгжим дуугарахаа болилоо. Техникийн саатал гарсан гэнэ. “Харийхан”-ны хөгжмийг энэ ертөнцийн хөгжим тэссэнгүй…

Техникийн саатал удсангүй. Засаж дуусангуут “Рек Он” тайзнаа гарлаа. Анх 2013 онд тэд энэхүү наадмын тайзан дээр Монгол “Дип Перпл” сонсгож байлаа. Харин энэ жил тэднээс алдарт “The Doors”, “Led Zeppelin” шууд мэдэгдэв.  Яагаад ч юм тэдний тоглолт бусад хамтлагийн тоглолтоос удах шиг надад санагдав. Учир мэдэх хүмүүсээс асуувал таван дуу нэмж дуулах болсон гэнээ. Хард рокоор хүнд өвчилсөн над шиг хүнд энэ үг их сайхан сонсогдлоо. Би тэднээс ярилцлага авахаар тайзны хажууд хүлээнгээ үзэгчид рүү харвал ёстой сүйд хийж байлаа. Үүнийг хэрхэн үгээр тайлбарлахаа мэдэхгүй байна. Амьсгаа түгжигдэх шиг нэг бол хамаг тэнхээгээрээ тасралтгүй чарламаар ч юм шиг санагдсан. Энэ бол элийрэл биш харин хөгжмийн хүч, увидас, ид шид…

Билгүүний хоолой цуцдаггүй бололтой. Цэнд, Бааска, Нямаа нарын тайзан дээр биеэ авч яваа байдал “Бритиш” рок бэнд шиг надад санагддаг гэдгийг хэлмээр байна.

Намайг “Рек Он”-ныхантай ярилцаж байх зуур хотын дарга Плейтайм 2015 наадамд хүрэлцэн ирсэн бүхэнд хандаж мэндчилгээ хүргэх тэдний тоглолт “Дип Перпл” шиг санагдлаа гэхийг би сонсов. Бодвол “Led Zeppelin”, “The Doors”  гэж хэлэх гээд андуурсан бололтой.  Ярилцлагын үед бөмбөрчин Нямка надад хугарсан цохирууд дундаасаа хамгийн гайгүй гэсэн хос цохиураа шилж байгаад дурсгав. Мемориабл гэж рок сонсогч нарын дунд байдаг соёлын нэг хэлбэр юм даа.

Хотын даргыг үг хэлж дууссаны дараа DJ сет шиг хөгжим яваад байсан нь “Ssighborggg” хэмээх АНУ-аас гаралтай БНСУ-д байдаг хамтлаг ажээ. Сонсож дасаагүй болохоор сонирхолтой санагдсангүй ээ.

Энэ өдрийн тоглолтыг Бачка өндөрлөхөөр болов. Түүний тухай ийм тийм гэх үнэхээр утгагүй. Тэр зүгээр л Феррари…