“PLAYTIME 2015” part 3

Эхний өдрийн тоглолтыг Бачка өндөрлөсөн. Түүний тухай ийм тийм гэх үнэхээр утгагүй. Тэр зүгээр л Феррари… гэж өөрийгөө тодорхойлсон.

Хоёрдахь өдрийн “Шинэ давалгаа” тайзны тоглолтыг “The Escape” хамтлаг эхлүүллээ.Дараа нь “The Vibes” халааг нь авлаа. Дуу алдаад байхаар юм тэндээс анзаарагдсангүй. Харин тэдний араас гарсан Өвөр Монголын “Liberation” хамтлаг хуйхлаж магадгүй санагдлаа. “Өвлийн өвөө” гэдэг дуундаа  Бөмбөрчнөөс бусад нь энэ дуунд хувь нэмрээ оруулсан зохиомжыг нь хөгжилтэй болгожээ.

Шинэ давалгаа тайзан дээр гарсан хамтлагуудаас “Дулмаа”-гаа дуудсан “The Blacks”, “Flamingo Fitch”, “The Tourist” хамтлагуудаас өөр онцлох зүйл ажиглагдсангүй.

Урд өдөр нь “Angel”-ийн бөмбөрийг тоглосон “The Tourist”-ын Бэрхээ энэ удаа өөрийнх дээрээ тоглохдоо арай л дутуудуулах шиг боллоо.

Нэг хартал “Нисванис” Амгаа охинтойгоо алхаж явна. Наадам дээр бараг бүгд харсан байх. Э.Гуа-Марал охин аавынхаа бүх дууг мэддэг гэнээ. Хамгийн гоё нь жаал охин өөрийнхөө сүүлд сурсан “Чигчийн чинээ бишээ…” гэж эхэлдэг дууг аавынхаа хоолойгоор дуулж үзүүллээ. Харин үүнийг сонссон хүн тийм ч олонгүй гэдэгт итгэлтэй байна.

Наадмын эхний өдөр “Total Music”-ийн Бука дуугаралт илүү чанартай болно гэж итгэл дүүрэн хэлж байхын би сонссон юм. Үнэхээр төв тайзны баруун, зүүн талд гарахад яг урд нь байгаа юм шиг сонсогдож байсан гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Мөн саунд инженер “GV” Н.Энхбатын ахалсан баг хамтлагуудын тоглолтыг хуран цугласан олонд ямар ч хүндрэлгүй, чанарын өндөр түвшинд хүргэв. Түүнд талархал илэрхийлэх нь зөв.

Плейтайм 2015 амьд хөгжмийн наадамд Юнител групп Greenzone асартаа GG shop, Henna, Face art, ширээний хөл бөмбөг, beer-pong, Fan meeting, дартс зохион байгуулсан нь залуучуудын санаанд ихэд нийцсэн юм. Ялангуяа наадмын шилдэг хамтгалууд болох “Нисванис”, “The Lemons”, “Growl of Clown” хамтлагуудтай хийсэн уулзалтууд их сонирхолтой байлаа.  Байнга хүмүүс бужигнаж байсан болохоор эднийхээр үйлчлүүсэн залуусын тоог тогтоох боломжгүй байх.

Ашгүй арваннайман цаг болж энэ өдрийн “Плейтайм” тайзны ажиллагааг “Лего” нээлээ. Анх 2009 онд урилгаар Плейтаймд орсноосоо хойш тасралтгүй оролцож байгаа “Лего”-чууд энэ жил найман жил хүлээсэн цомгоо гаргаад эрч хүч, урам зориг дүүрэн байгаа нь илт мэдэгдэж байлаа. Тэд энэ удаа  “Манж”-ын үеэс авахуулаад манийгаа хүртэл дуундаа оруулж дууллаа.  Шинэ цомогтоо орох “Электрон эмээ” дуугаа наадмыг үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж, бид хоёрын нэрийг дуудаж байгаад тоглосон гэж байгаа… Олон жил рок хөгжим сонсож байгаа хүн ингэж нэрээ дуудуулахад хоолой зангирдаг юм билээ. Дүү нартаа амжилт хүсье.

Дараа нь “Vatame” тайз эзэгнэв. Тэднийг ничигнүүлж байхад нэг хөгжилтэй явдал боллоо. “Нисванис”-ын С.Хосбаяр бид “Пинк Флойд”-өөр хүнд өвчилсөн улс. Нэг нийлэх юм бол хэдэн цагаар ч хамаагүй ярина. Биднийг нөгөөхөө эхлээд байтал үдээс өмнө тоглосон Өвөр Монголын “Liberation”-ны залуус хажуугаар өнгөрөв. Тэдэнтэй уулзаад баяр хүргэж байхад гоцлол дуучин Оюундалай: “Биднүүс энд Нисванисын ах нарыг үзэх гэж ирсэн” гэв. Тэр айхтар “Нисванис”-ын нэг “ах чинь” энэ байна гэтэл үл итгэсэн шинжтэй Хосоо руу хэсэг харж байв. Та нар тайзнаас хараарай гэж хэлэхэд үнэмших шиг болсон доо.

“Ватаме”-ийн араас залгаад “Нисванис” тоглолоо. Үзэгчидийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ тулж байх шиг… Рокыг цэвэр утгаар нь тоглодог болохоор арга ч үгүй байх. Нэг үзэгч охин “Эдний дуунуудыг сонсохоор уйлчих гээд байдаг юмаа” гэхийг сонслоо. “Нисванис”-ын тухай үүнээс олныг дурьдвал найз нарыгаа илүү дөвийлгөсөн хэрэг болох тул энэ хүрээд зогсоё. Гэхдээ Амгаагийн гараараа урласан гитарын пик, бөмбөрчин Анарын цохиур бэлгэнд авснаа хэлэхгүй байж чадахгүй нь…

 

 

 

“Арван алд гуулин хоншоор” гэхээр хаа байсан Вакены фестивалийн тайзан дээрээс дуулж байсан өвөр Монголын “Nine Treasure” хамтлаг, ар халхын Плейтайм наадамд дуугаа өргөхөөр ирсэн болох ойлгогдоно. Виолончель хөгжмөөр рок тоглодог Финландын “Apocalyptica”, Хорватын “2Cellos” гэж хамтлагууд байдаг. Гэтэл өвөрлөгч ахан дүүс маань хойд хөршийн балалайкагаар рок тоглоод жинхэнэ самарч өгсөн. Дуунуудых нь нэр нь “Мангас”, “Арван алд гуулин хоншоор”, “Нууцгай чадал” гэх мэт дуунуудаа дуулсан. Эдгээр нэрс нүдэнд үл харагдах харын хүчинд боогдоод түүнээсээ салахыг асар ихээр тэмүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг хэлмээр байна.

Энэ хамтлаг ийм байсан, тэр хамтлаг тийм байсан гээд байвал барагдахгүй. Тийм учраас “The Colors”, “The Pains of Being Pure At Pure Heart”хамтлагуудын тухай орхие. Бас энэ жил Плейтайм наадамд ирээгүй хүмүүс амаа барьж харамсаад дараа жил заавал ирж үзэх байх. Энэ хамтлагуудын бичлэгийг Youtube дээрээс үзчих юм чинь гэж бодож болохгүй. Плейтаймыг нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, сэтгэл зүрхээрээ мэдэрч, оргилж, хөөрч, бахардаж, хахан байж өнгөрүүлэх хэрэгтэй. Жилдээ ганцхан болдог юмыг алдалгүй үзэх нь та бидний хүн болж төрсний гавьяа ч юм билүү! Тийм болохоор эртнээс ажил, амралтаа зохицуулаад заавал ирэх ёстой юмны нэг. Наадмын дараа сошиал сайтууд дээр  таагүй мэдээлэл таатай мэдээнээсээ олон гарсан. Зарим нь дуу алдан тэднийг дэмжиж байсан. Тэр мэдээлэл бичсэн, дэмжсэн олныг дараа жил ирээд үзээрэй гэж урья.

“Улсын хөгжилд нэмэргүй, урт үст” хэмээн гоочилсон Уламбаярыг хамгийн түрүүнд ирээсэй гэж хүсэж байна. Улаанбаатар хотын дарга, УИХ-ын гишүүд, сайд нар цаг гаргаад ирдэг хамгийн ардчилсан наадамд ирэхэд яагаад болохгүй гэж? Хотын даргын дэмжлэгээр ирэх жил наадам маань гурав хоног үргэлжлэх боллоо.

Плейтаймын билетийн үнэ шаглагддаггүй. Оролцогч нар нь начны найраа хийдэггүй, хүүхэд мориноос унадаггүй, үхдэггүй. Хуушууранд алалцаж хувцсаа уралцдаггүй.

Эндээс дэлхий хавтгайрч, жижгэрсэнийг мэдэж болно. Энэ наадмаас хайр дурлал, амар тайван, аз жаргал, итгэл найдвар, эрч хүчийг мэдрэх болно.