ТОЙМ PT16 (1-Р ХЭСЭГ)

Монголчууд бид намаараа талцан улс төржиж, нутаг нугаараа эвсэн найрлаж, ахан дүүсээрээ бүлэрхэн үндэстэн хэмээх цул байдлаа, угсаатан болж нураахдаа гаргуун хүмүүс. Харин энэ байдлыг эвддэг нэг үйл явдал бол яахын аргагүй амьд хөгжмийн “Плейтайм” наадам билээ.

Өнөө жил арвантав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадмын сониныг ирж чадаагүй, орчин үеийн хөгжимд татагдан дурлагч ах, дүүстэйгээ хуваалцах нь миний эрхэм үүрэг юм. Ялангуяа 2013 оны ПТ наадам дээр танилцсан Нармандах дүү маань хувийн шалтгаанаар энэ жилийн наадамд ирж чадахгүй болсон тул үүнээс хойшхи бүх бичлэгүүдээ би түүнд, мөн түүнтэй адил Плейтайм 2016 ирж чадаагүй бүх хүмүүст зориулав.

Миний танилууд дундаас уг наадмыг үзэхээр Чойбалсан хотоос Батсүх төрийн ажлаасаа чөлөө авч наашаа гарахаар бөөн баяр болж байгаа бол, Чингис хотын Эрхэмбаяр үзэсгэлэнд оролцохоор өмнөд хөршийг зорих болсондоо өөрийгөө зүхсээр байна.

Хөдөө ажилладаг, Плейтаймын байнгын үзэгч Мэндээ найз маань амралтын цөөн хоногоо наадамтай тааруулаад зогсохгүй хамт ажилладаг залуусаа дагуулан ирж нүдийг нь нээх сурагтай.

Рок хөгжим, пянз гэхээр хамаг ухаанаа тавьдаг Г.Чинзориг www.playtime.mn сайтаас авч болох зүйлсийг бас бус нэмэлт мэдээллийн хамт надаас баахан шалгаав. Энэ гурван өдрийн аль нэгэнд тааралдах байх.

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд сошиал сайтуудаар ПТ наадмын тухай мэдээлэл, түүнд очихоор тасалбараа авсан, аваагүй тухай постууд тасралтгүй тавигдах болсон. Үүнээс гадна зохион байгуулагчдийн зүгээс уламжлалт ёсоороо “эртэч шувуухай” нарт зориулж тасалбараа хямдралтай худалдсан нь улам олон хүмүүст боломж олгодог бол аливаа юманд цагийг нь дөхүүлж авдаг хүмүүс сургамж болууштай.

Нэг. Эхний өдөр – Үргэлж шинээрээ

Баасан гарагийн орой 17:00 цагт Хүүхдийн ордоны дэргэдэх автобусны буудал дээр хүмүүс пиг дүүрчээ. Том оворын автобусанд сул суудал ч харагдсангүй. Хүүхдүүдээ дагуулсан залуу хосууд, автобусанд чихэлдэхээс цааргалан, Монгол шилтгээн рүү таксидаж байх нь анзаарагдав.

Хүүхдийн ордноос нарантуулын уулзвар хүртэл жаахан түгжрээтэй байсан ч Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Гачуурт хүртэл огтхон ч торсонгүй. Тэр замыг нийслэлчүүд зуун хувь ашиглах хэрэгтэй байгаа юм. Би лав наадмын гурван өдөр төв замаар яваагүй…

“Плейтайм 2016” болох Монгол шилтгээний хаалгаар ортол энэ жилийн наадмын сүлд дуу “Би нисэж” угтаж, зөвхөн эндээс мэдрэгддэг эрх чөлөөт байдалд үзэгчдийг дор нь автууллаа.

Өмнөх жилүүдэд гартаа ганц бугуйвч зүүлгэдэг байсан бол энэ жил хоёр бугуйвч зүүж байх юмаа. Учрыг нь лавлавал 21 нас хүрээгүй үзэгчдэд согтууруулах ундаа зарахаас сэргийлж байгаа арга хэмжээ гэв. Цагаа олсон зөв шийдэл, дараа дараагийн жилүүдэд ч энэ хэвээрээ байгаарай.

Наадмын өмнө хоёр өдөр орсон бороо тайзны өмнөх талбайг ханатал усалж, өнгө засжээ. Өнгөрсөн жилийнх шиг өлөн шороо босож, үзэгчидийн тухыг алдуулахааргүй байв.

“Нааглихац” тайзнаас дижи нарын цоглог сетүүд тасралтгүй дуулдана. Хажуугаар нь наадам дээр хонохоор ирсэн үзэгчид майхнаа босгоод завгүй.

Нийтийн хоолныхон ч тус бүрдээ бэлтгэлээ базаагаад тасралтгүй нааш цааш гүйлдэнэ. Плейтайм тайзны орчинд хаана л бол хаана худалддаг шорлогнууд төрөл төрлөөрөө, хуушуур, бургерууд бөөнөөрөө ноёрхож байсан, бол дижи нарын дэргэд “Долче Вита” рестораныхан итали хоолоор үйлчилж байлаа. Тэднийхэний “panciorotti” хэмээх итали хуушуур их бусдаас амт, үнээрээ ялгарна. Дараа жил энэ хамт олныг том тайзны дэргэд байрлуулвал илүү олон хүмүүс итали “хуушуур” идэх гэж нааш, цаашаа холхихгүй амар байхсан.

Гэнэт тайзнаас алдарт U2 хамтлагийн “With or Without You” дуу цуурайтаж, “The Compass”-ынхан наадмын үйл ажиллагааг нээлээ. Плейтайм наадам бидний дунд байвал амьдрал ямар гэрэл гэгээтэй, хэрэв уг наадам байхгүй бол амьдрал хэрхэн харанхуй болохыг анхааруулах шиг санагдсан. Зөв дуу сонгосон дүү нартаа баярлалаа.

Тэдний араас “Магнолиан” нэрээр уран бүтээлээ туурвидаг эртний танил Б.Дөлгөөн “Хөгийн эрийн дуу”-аараа өөрийн ээлжээ эхлүүлэв. Надад өөрийн эрхгүй Ник Дрейкийг санагдуулдаг “Magnolian” энэ удаа утга, уянга шингээсэн дуунууд нь баасан гарагийн үдшийг амирлуулах шинжтэй болсон ч эцэст нь “Someday” дуугаараа үзэгчдийг хөөргөж орхив. Тайз гэрлийн баг тэдний нэрийг “Mognolian” гэж алдаатай бичсэн ч үзэгчдийн хөөрлийг дарсангүй.

“Би нисэж байна…”

Наадмын түнш “Боргио” брендийн асар дор Лемонс хамтлагийн гитарчин А.Энхтулгатай Плейтайм наадмын талаар санал солилцов.

“Найз нар ч байна уу, эсвэл гэр бүлийнхэн ч байна уу хамаагүй, жилд ганцхан болдог Плейтайм наадамд бэлдэх хэрэгтэй. Билетээ өөрсдөө авч байх хэрэгтэй. Өмнө нь би тэрнийгээ оруулчихья, энийгээ ч татчихья гэдэг байсан бол энэ жил би бүгдийг нь хаясан. Одоо өөрсдөө авч сурах хэрэгтэй шүү дээ. Жилд ганц удаа болдог юманд бэлдэж байх хэрэгтэй. Үнэхээр л өөрийгөө рок хөгжимд дуртай гэж боддог бол тэгэх ёстой. Надад ч дарамтгүй, бусад хүмүүст ч төвөггүй амар шүү дээ.” Тэр үнэхээр голыг нь олж хэллээ…

Ирэх намар 12 дугаар ангид орох хүү анх удаа ПТ наадам үзэх гэж гадаадад амрах саналаас татгалзсан гэнэ. Ангийнхаа хүүхдүүдийн сонсдогоос өөр хөгжимд дурладаг тэр гав ганцаараа ирсэн ч наадмын гурав хоног багадаж байна гэнээ.

Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд өнөөгийн залуус чинь бидний үеийнхэн шиг “ууж, идэж” ухаан санаагаа алдахаа байчихжээ. Халуун гэж ялархан, хаа нэгтээ лаглайн бүгэж байхын оронд Плейтаймд ирж хүүхдүүдийнхээ дуулахыг сонс. Өөрсдийхөө үетэй харьцуулж үз. Нарны туяанаас ахиухан Д витаминаа ав. Царайгаа харлуул, цайх нь тодорхой. Гол нь өдөр тутмын бэрхшээлээ март, өөрсдийгөө өөрчил…

Гэнэт тайзны зүгээс “Daft Punk”-ын “Гет Лаки” сонсогдов. Наадмын эхний гадаад зочин Шарль-Баптист, Найл Рожерс, Фаррель Виллиамс наргүй уг дууг хангинуулах нь тэр. Даанч франц хэл мэдэхгүй болохоор дуунуудыг нь ойлгосонгүй. Хөгжим, хоолой нь дажгүй юм билээ. “Хайртай шүү”, “Баярлалаа” гэх мэт цөөхөн монгол үгсээр үзэгчидтэй амьд харилцаа дорхноо тогтоочихлоо. Тэр чадвар манайханд дутуу байдаг…

Шарль-Баптистын дуулсан дуунууд “Piquez – Moi Avant”-аас бусад нь хөнгөн агуулгатай болохыг өөрийх нь тайлбаруудаас ойлгов. Хоорондоо мянган километр зайтай амьдардаг хархүү, бүсгүйн ганцаардлын дуунаас нь ч хөнгөн хошигнол сонсогдох ажээ.

Хамтлагуудын хооронд ивээн тэтгэгч нарын нэрийг хэлсэн хөтлөгч “Alliance francaise de Mongolie”-ийн нэрийг арай буруу дуудаад байх шиг санагдсан. Олон улсын чанартай арга хэмжээний үед энэ мэт зүйлсийг цааг анхаарах хэрэгтэй. Миний нэрийг Гамбино гэхгүй Ямбиногэж дуудвал надад таатай байхгүйн адил тэдэнд ч бас таагүй байсан биз.

“Би нисэж байна…”

Сүүлийн хэдэн жил “Плейтайм” наадамд алгасахгүй оролцож байгаа хамтлагуудын нэг бол “The Tourist” билээ. Ямар учраас тэд Тоурист гэж хамтлагаа нэрлэх болсоноо сайн мэддэггүй гэдгээ ноднин өгүүлж байсан юм. Энэ хавар клипээ гаргасан “Эскапе”, “Улаанбаатар” гэсэн хоёр дуу нь рок сонсогч нарт их таалагдаад байгаа. Үнэндээ эдний тоглохыг сонсолгүй уджээ. Ноднин жилийнхтэй нь харьцуулвал Ёокогийн хоолой чангарч, хөгжимчид нь бүгд туршлагажжээ. Энэ жилийн ПТ наадмын савалтын суурийг “The Tourist”

Ажиглаад байхад Ёокогийн ангийнхан найзыгаа дэмжихээр бүгд ирсэн бололтой. Хар нялхаасаа нэг ангид сурч байсан хүүхдүүд, удахгүй хэдэн тийшээ салан одох болохоор энэ жилийн Плейтайм тэдний хувьд онцлог байх нь аргагүй.

Ер нь байгууллага, хамт олон зуны зугаалгаа “Хобби” сургуулийн энэ жилийн төгсөлтийнхөн шиг Плейтайм наадамтай хавсаргаж яагаад болохгүй гэж? Тэгвэл илүү хөгжилтэй, ухаалаг амралт болох нь дамжиггүй.

Тэдний араас залган Сингапурын “Аnna Judge April” тоглов. Цэвэр альтернатив-хард рок цутгасан хамтлагийг ийм ойрхоноос үзэх боломж олгосон Нацагаадаа баярлалаа. “AJA” хамтлаг “The People’s Critic”, “Crimson High” EP цомгууд гаргасан. Энэ цомгуудад орсон дуунуудаа Плейтайм тайзнаа тоглосоноос “Little Girl Smiles” нь их хөөрхөн, гэгээлэг санагдсан. Бас тайзыг хэрхэн амилуулж болдогийг тэд бидэнд заалаа. Эдний басс гитарчин шиг хөдөлгөөнтэй тоглодог манай хүн гэвэл экс-Лего Батхүүг нэрлэх байна.

Басс гитарчин Ашруфф: “Сингапур улс олон соёлоос бүрддэг онцлогтой. Гэхдээ миний үеийн хүмүүс яс үндэс, шашин шүтлэг харгалзахгүй төрөл бүрийн урсгал, жанрын хөгжим сонсдог. Тийи ч учраас би Австрали, Индонезид байдаг найзууддаа Сингапурт ирж хөгжим сонс, хөгжимөө тогло гэж хэлдэг. Танай үзэгчид үнэхээр гайхалтай байна. Бүүр хайр татлаа. Боломж гарвал Сингапурын өөр хамтлагтай хамт ирж бүтэн тоглолтоо хийхийг хүсэж байна” гэсэн яриа бидний дунд өрнөлөө.

Тэдний EP: http://annajudgeapril.bandcamp.com/ сонсох боломжтой.

Наадмын эхний өдөр Лемонс хамтлаг “III” цомгоо бүтнээр нь тоглов. Сар гаруйн өмнө анпллагед тоглолтыг нь дуурийн театрын хамгийн лаг акустиктай суудлаас үзсэн ч гэсэн дахин үзэхэд уйдмаар санагдсангүй. Тиймээс ч “III” цомгоо “Уйдамгүй” гэж нэрлэхгүй яасан юм бол гэж санагддаг болоод байна.

Тэд “Earth II”-оо дуулж дуусахад Тулгаа утсаа гаргаж микрофонд ойртуулан “Камертон” хамтлагийн “18 нас”-ыг тоглуулав. 6 сарын 24 өдөр 21 нас хүрч буй ах нартаа, өнгөрсөн жил 11 нас хүрсэн “Нимбэг”-үүдийн мэндчилгээ сюрприз болж чадсан.

“III” цомгийг амьдаар нь Одноотой хамт, Одноотой хамт ч гэж дээ, олуулаа дагаж дуулсаар наадмын эхний өдөр өндөрлөв. Цаг ямар ч хурдан явдаг юм бүү мэд.

Харин маргааш нь… “Би нисэж байна”.

 

Гамбино

2016 оны 6 дугаар сар 27