СЮРПРИЗ ДҮҮРЭН ӨДӨР PT16 (2-Р ХЭСЭГ)

юрприз дүүрэн өдөр

Харин маргааш нь үнэхээр тоогүй юм боллоо. 5 сарын 27 өдөр, Лемонсын анпллагед тоглолтонд оролцсон чавхдаст хөгжмийн “Опус-7” хамтлагийн тоглолтыг үзэж чадалгүй алдчихлаа. Задгай тэнгэрийн доор хийл, морин хийл хэрхэн дуугарахыг сонсох хүсэл маань ийнхүү замхран одсон юм. Хувьдаа “Apocalyptica” шиг сонсогдох болов уу гэж горьдсон хэрэг л дээ. Үүнээс би биш, тэд нэг юмыг маш сайн ойлговол зохино. Нэр нь дуулдаад байдаг ч тэр болгон тоглоод байдаггүй хамтлагууд Плейтайм наадмын өмнө гэнэт сэрээд, хэсэг “нүдэж” байснаа дараа нь таг болдогоо болих хэрэгтэй. Наадмын хоёрдахь өдөр иймэрхүү хамтлагууд олон байлаа.

Өчигдөр орой Лемонсыг тоглож дууссаны дараа, том тайзны өмнөх талбай тэр чигтээ нэг удаагийн хаягдал аягаар дүүрч үлдсэн билээ. Гэтэл маргааш нь 11 цаг жаахан өнгөрөөд ирэхэд ор моргүй цэвэрлэсэн байв. Болж өгвөл манайхан бүгдээрээ уусан ундааны сав, шар айрагны аягаа өөрсдөө хогийн цэг дээр хаяж байвал ухаалаг наадам бүрдүүлэхэд асар их хувь нэмрээ оруулж байгаа хэрэг болно доо.

Яаран алхсаар хаалгаар ортол соль гитарын гоцлол сонор мялаах нь тэрээ. Тайз руу  очтол “Eventide”гэдэг огт мэдэхгүй хамтлаг байлаа. Өөрсдийнхөө дуунуудаас тоглож дуусаад хамгийн сүүлд Пинк-Флойдын “Comfortably Numb”-г дуулав.  Гоцлол гитарчин нь дажгүй санагдсан.

Би нисэж байна…

Энэ жилийн “Replay Market” дээр цөөхөн байгууллага оролцсон ч чанарын хувьд илүү байсан гэдгийг заавал хэлэх ёстой. Ариунаа Сури гэхэд л “Save Mazaalai”-аа дэлгэсэн. Гурав дахь өдрийн үдээс хойш гэхэд надад таарах хэмжээтэй цамц үлдсэнгүй бүгд зарагджээ.

“Дунд гол”-ынхон пянз зарж, ашиг олох гэж ирээгүй бололтой. Харин энэ соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой болох нь тодорхой байв. Франсуаза Арди-гийн сингл сонсож сэтгэлээ сэргээлээ. Хажуудах  Францын соёлын төвийн асрын буржгар толгойтой франц нөхөр, “эрт галавын дуучин” гээд шоолох маягтай байхыг би тоосонгүй.

“Гумуда концепт сторе”-ын өвөрмөц хувцсаар гангарсан залуучууд, хүүхнүүд энд тэнд харагдсан. Бодвол тэдний бүтээгдэхүүн сэтгэлд нь нийцсэн байх.

“976 арт галлерей” ч бас гар хумхин суугаагүй. Тэднийхэн олон залуусын чихийг хүссэн өнгөөр нь будсан бөгөөд “The Color” хамтлагийн Тогтууны чихийг буджээ.

Өмнө нь “Амина” сургуулийнхан хөрөг зурдаг байсан бол энэ жил том тайз руу орох замд тэргэнцэртэй охин тэдний үүргийг өөртөө авсаныг харсан биз. Түүний цаашдын уран бүтээлд амжилт хүсэхийн ялдамд дараа дараагийн Плейтайм наадамд идэвхитэй оролцож, уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулахыг хүсье.

Эд бол уламжлалт хэлбэр. Гэтэл “HMG”-ынхан стриминг үйлчилгээгээ эхний нэг сар үнэ төлбөргүй ашиглуулах санал тавьсан нь дэвшил юм. Энэ үйлчилгээг ноднин жил Плейтаймд анх удаа оролцож байсан “Black Zip” хамтлагийн дуучин Замбаа явуулж байв. Ер нь яагаад хамтлагийн дуучид, хөгжимчид тайзнаас буусныхаа дараа “Replay Market”-ын ажилд ч юмуу эсвэл сайн дурынхантай хамтран хог түүж бусдад үлгэр үзүүлж болохгүй гэж?

“Something’s Brewing” really brews something. Эд өөрсдийгөө хамтлаг гэсэнгүй, багын найзууд гэлээ. Саксофон, даралтат хөгжим тоглосон хоёр гадаадтай багадаа найзалж байжээ гэж  би ойлгосон. Бараг бэлтгэл хийгээгүй гэсэн ч “Hard core blues” импровизацийг үзүүлэх шиг боллоо. Бэлтгэлийн байрандаа тоглодог, тэнд очиж үзэж болно гэж байсан. Тэдний тоглолт таалагдсан бол хамт явж үзэх хүмүүс байвал хэлээрээ, ханьсана шүү.

Тэдний араас “Харчууд” хамтлагийнхан “Дулмаа”-аараа, “Футурома”-ийнхан донжтой дуунуудаа тоглолоо. Харин голд нь байсан “Shugam”яасныг бүү мэд. Дээрх хоёр хамтлагийнхантай өнгөрсөн жил уулзаж байсан, дотно санагддаг учир “Дороо ухантаад байвал “Шинэ давалгаа” тайзнаас “Плейтайм” тайз руу шилжихгүй шүү” гэж захьмаар байна. Энэ үг бүх хамтлагуудад хамааралтай…

Плейтайм наадам дээр сүүлийн хоёр жил дараалан ирсэн хотын дарга, үд дунд өнгөрөөд байхад харагдсангүй. Гэтэл өнөө жил Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Уугий л Плейтайм наадмын гурван өдөр тасралтгүй байв.

“The Return” хамтлаг хамгийн Монгол аялгуутай хамтлаг байлаа. Орон тооны бус гишүүнээр нь миний ажилладаг “Шар айраг” хамтлагийн Цогоо тэдний дотор, Оюу дуучнаа дагуулчихсан тууж явав. Тоглолтынхоо дундуур гоцлол дуучин Лхагваа гараа байн байн атгаад эхэллээ. Яасан гэвэл гарых нь шөрмөс татжээ. Урлаг хүнээс энэ байтугай юм шаарддаг. Тэсэж гарсан нь амжилтанд хүрнэ.

“The Return”-ны эхний цомог улсын наадмын дараа гарах бол тэд хоёрдахь цомгийнхоо бичлэгт Плейтаймын маргаашнаас орохоор болсон гэв.

Би нисэж байна…

Наадмын хөгжмийн дуугаралтыг үзэгчдэд янз янзаар тайлбарлаж байлаа. Эхний өдөр тоглосон “The Compass”-ын бөмбөр “шал шал” гэж дуугарахыг сонсоод өнгөрсөн жил ажилласан саунд инженер хаачсан юм бол гэж надад өөрийн эрхгүй бодогдов. Харин Лемонсын Өөжгийг тоглоход бөмбөр огт өөр сонсогдсон. Басс гитар ч гэсэн заримдаа олигтой сонсогдохгүй байсан бол Цогоо, Анар, Дархаа нарыг тоглоход “дүн дүн” гээд тод ялгарч байлаа.

Хамтлагууд хөгжмийнхөө дуугаралтыг Вовко, Энхбат, Төгсөө нар шиг инженерүүдээр байнга тохиргоо хийлгэж байвал зүгээр байх.

“Fu-Ching-Gido” гэгч японы хамтлаг их хөөрхөн. Эрэгтэй нь цагаан арьстан, эмэгтэй нь жапан юм билээ. Тэдний тоглосон хөгжимнөөс бага байхдаа үздэг байсан “Фердинанд өвөө” киноны ая сонсогдов. Хэдийгээр хөгжилтэй аянуудыг бөмбөр, аргил бүрээгээр тоглосон ч манайханд таалагдсангүй бололтой. Улаан малгайгаар гоёсон наран улсын шавил эмэгтэй бөмбөрийг ёстой цохиж өгөх шиг болсон доо.

Плейтайм наадмын түүхэнд байгаагүй нэгэн зүйл болсон нь Улсын филармонийн “Баян Монгол” чуулга байлаа. Өмнө нь тайз эзэгнэж байсан “Mrs. M”-ийн аядуу зөөлөн дуунууд, “Fu-Ching-Gido” дуэтийн дан хөгжмийн бүтээлүүдэд “дарагдаад” байсан үзэгчдийн сэтгэлийг, удирдаач Одын ахалсан хөгжимчид дор нь сэргээж өгөв. Ойрдоо тааралдаагүй улсын филармонийн дуучин Солонго хаа хол байгаа “Бага тойрог” хамтлагийн Эби ахын “Мишээл”-ийг дуулж үзэгч олонд сюрприз барилаа. Энэ сайхан дууг Эби ахаар Плейтаймын тайзнаа дуулуулахыг асар их хүсэж явдгаа зохион байгуулагчидад дуулгахад буруудахгүй байх. Солонгын дараа “Жингүйдэл”, “Ичинноров” дуунуудаараа олны танил болсон реппер MekhZakhq дуулав. Тэрээр ирэх есдүгээр сард цомгоо гаргана.  Монголд анх удаа жазз хөгжимтэй хип хоп дууг Плейтайм наадмын том тайзан дээр дуулах болсон явдлаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаагаа бидэнд өгүүлсэн юм.

“Sing like a Pro” лабель өмнө дуулсан Mrs.М, MekhZakhq зэрэг уран бүтээлчидтэй ажилладаг бөгөөд наадмын өмнөхөн дуучин Mrs.М-ийн “Gentleman” цомог гаргаад байгаа билээ.

Плейтайм наадамд анх удаа оролцож буй “Баян Монгол” чуулгын удирдаач Одоос сэтгэгдэлийг нь асуухад “Манай чуулгыг “хөгшин” гэж хүмүүс хүлээж авдаг. Гэтэл анх удаа Плейтаймд оролцож, үеийнхээ залууст тоглож үзүүлсэндээ сэтгэл өндөр байна. Хип хопчин Mekh Zakhq манай тоглолтыг үзээд хамтарч уран бүтээл туурвих санал тавьсаныг энэ жил наадамчин олонд толилууллаа” гэв. Энэ жилийн Плейтайм наадмыг “Баян Монгол” чуулга үнэхээр чимлээ.

Би нисэж байна…

Хүн төрлөхтөн хөгжлийнхөө явцад неадерталь, кроманьон зэрэг үе шатуудыг туулсаар орчин үеийн хүн “Хомосапиенс”  болон хөгжсөнийг ухаант хүмүүс бүгд мэднэ. Орчин үеийн хүмүүст зориулсан, прогрессив рок хөгжмийг “Homosapiens” хамтлагийнхан мэдрүүлэх шиг болов. Үггүй кино, уран зураг, дан хөгжмийн бүтээлүүд нь хомосапиенс бидний тархийг “ажиллуулж” улам төгс төгөлдөржүүлдэг. Анх удаа Плейтайм наадамд оролцож байгаа тэдэнд үзэгч залуус соёлтой байгаа нь анзаарагдсан бөгөөд ирэх жилийн наадамд Улаанбаатарын бүх залуус, бүсгүйчүүдийг ирж үзэхийг урьснаас гадна нэг юмуу хоёр сарын дараа хамтлагийнхаа амьд тоглолтыг зохион байгуулахаа амлалаа. Хүлээх зүйл ийнхүү нэгээр нэмэгддэг юм байжээ. Сонирхуулж хэлэхэд үдээс өмнө тоглосон “Футурома” хамтлагийн бөмбөрчин М.Авид, хүүхэлдэйн киноны баатар биш, жинхэнэ хомосапиенс гэдгээ мэдээд энэхүү залуу хамтлагт гишүүн нь болжээ.

Япончуудын сахилга баттай үндэстэн болох нь хаа сайгүй харагддаг. Үүнийг “The You” хамтлагийнхан тайзны дэргэдэх “Please tune…” гэсэн бичигтэй асар руу нэг нэгээрээ орон, хөгжмөө хөглөж  байгаагаас ажиглагдав. Уг нь хэдэн үг сольмоор байсан ч “Ками сами ёрошику” (Бурхан өршөөг)-аас өөр үг мэдэхгүй болохоор тэрнийгээ хэлээд тайз руу гаргалаа.

Өнгөрсөн жилийн Плейтайм наадмын эхний орой будаа болгож өгсөн “Rec On”  хамтлагийнхан энэ удаа дан өөрсдийнхөө бүтээлээс тоглож хуран цугласан олныг сэтгэлийн цэнгэл эдлүүлэв. Тэд энэ удаа нэг ч ковер дуулсангүй, дан өөрсдийнхөө дуунуудыг сонирхууллаа. Тэдэнтэй хамт “Growl of Clown” хамтлагийн Батхүрэл дуулсан нь сонирхол татсанаас гадна, метал хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулах асар их хүсэл мөрөөдөлтэй болох нь анзаарагдсан юм. Сонгуулийн ажилтай гээд утсаа ч авах завгүй явсан шинэ танил Б.Чинзориг зөвхөн тэднийг сонсохоор ирсэн байлаа. Дуу хөгжим гэгч ийм хүчтэй ажээ.

Үдээс өмнө үзэгчдээс ялгарах аргагүй байсан “Өнгөнүүд” хамтлаг тайзан дээр цав цагаан хувцсаар ижилсэн гарч ирэхэд тэдний фен залуус дуу алдан угтан авцгаалаа. Хэдхэн минутын өмнө будагтай чихтэй гүйж явсан гоцлол дуучин Тогтуун нүүрээ угааж, нөгөө хувцасаа угаажээ. Энэ жил зургаа дахь удаа орж байгаа “The Colors” хамтлаг архаг Плейтаймчид болсон нь тэдний ур чадвар, тайзан дээр биеэ авч явах байдал, үзэгчидтэй тогтоосон харилцаа, нэгдмэл байдал зэргээс илэрхий харагдаж байв.

Тэр бүү хэл энэ удаагийн гол зочин болсон “The Radio Dept” хамтлагийн гитарчин бүсгүй “The Colors” хамтлагийнханы тоглолтыг үзээд багагүй сандарч байгаа нь тайзны дэргэд байсан надад илт мэдэгдсэн юм.

Зарим үзэгчидийн хувьд “үхлийн” поп болж сонсогдсон Швед хамтлагийг анх Hi-Fi FM 98.9 суваг сонсогчдод танилцуулсан бөгөөд тэдний уран бүтээлийг бүрэн мэдэрсэн догшин, ширүүн хүмүүс номхон дөлгөөн болдог онцлогтой. Мөн амьдралаас төгс бүхнийг олох гэж тэмүүлэгсэдийн ганцаардлыг нөхөх увьдастай. Худлаа гэвэл “Heaven’s on  Fire”-ын дараа дуулсан дууг сонсоод үзээрэй. Шууд л мэдрэгдэнэ.

Эдний тоглолтыг үзэх гэж “А-Sound”-ын Тэмүүлэн, “Лего”-ийн Жо нар Плейтайм наадамд ирээд байв.

Би нисэж байна…           

Наадмын талаар Жо “Плейтайм наадамд олон жил оролцож байсаныг та мэднэ. Харин энэ удаа орсонгүй. Энэ мундаг тайзан дээр тоглоогүй болохоор сэтгэл жаахан гонсгор байна. Гэхдээ үзэгчээр оролцох нь илүү чөлөөтэй, хөгжилтэй байдаг гэдгийг мэдэрлээ” гэв.

Гачуурт дахь үүрэн телефоны станцууд энэ хэдэн өдөр ачааллаа даасангүй бололтой. Над руу залгасан хүмүүс “таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй бла бла” гэж автомат хариулагч хариуллаа хэмээж байв. Ноднин жил иймэрхүү саатал гарч байгаагүй болохоор өнөө жил наадамд ирсэн хүмүүсийн тоо илт олон байсан нь илэрхий байна.

Наадмын хоёр дахь өдөр хотын дарга маань ирсэнгүй.  Сүүлчийн өдөр ирдэг байгаа даа…

Гамбино